Энэрэн нигүүлсэх сэтгэлийг хэрхэн төрүүлэх вэ?

How zo develop compassion clay banks unsplash

Бид бүгд бусдыг зовлон хийгээд зовлонгийн шалтгаангүй байхыг хүсэх энэрэн нигүүлсэх сэтгэлийн чадамжтай төрдөг. Өөрт болон бусдад асар их тус хүргэх үүднээс энэхүү чадамжийг бид хөгжүүлж болно.

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлж эхлэх хамгийн сайн арга бол хамрах хүрээг өдөр тутмын амьдралд болон цахим орчинд нүүр тулан уулзаж байгаа хүмүүс, магадгүй зарим нэг амьтнаар хязгаарлах явдал юм. Аажмаар бид өөрийн энэрэн нигүүлсэх сэтгэлдээ хүн бүрийг багтааж сурна: бидний хайрлаж хүндэлдэг хүмүүс, танихгүй хүмүүс, бүр бидний огтхон ч дургүй тэдгээр хүмүүс. Бидний энэрэн нигүүлсэх сэтгэлд бүх дэлхий ертөнц – бүр жоомнууд багтах хүртэл бид үүнийг үргэлжлүүлэн хийдэг.

Энэрэн нигүүлсэх сэтгэлд сэтгэл хөдлөлийн болон учир шалтгааны гэсэн хоёр хүчин зүйл байдаг. Сэтгэл хөдлөлийн хувьд бид энэ гараг дээрх бүхий л амьд амьтны харилцан хамаарлыг авч үзнэ. Дэлхийн эдийн засаг болон бидний таашаал хүртэх – хоол, хувцас, электрон төхөөрөмжүүд, орон гэр, унах унаа гэх мэт – энэ бүхэн бусдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Бусад байхгүйгээр бидэнд зам, цахилгаан, түлш, ус, хоол хүнс байхгүй. Зөвхөн энэ дангаараа бидэнд бусдад талархах сэтгэлийг төрүүлнэ, бидний “халуун дулаан хайр” гэж нэрлэдэг сэтгэлийн амгаланд хөтөлнө. Энэхүү талархах сэтгэлийг хэдий их төрүүлнэ ганц хүүтэй эхийн сэтгэл тэрхүү хүүд ямар нэг таагүй зүйл тохиолдоход хэрхэн шаналах адил төдий ихээр бид бусдыг эрхэмлэнэ. Бусдын зовлонг харан бидэнд гуниг төрөх боловч бид тэднийг өрөвдөж, харамсдаггүй. Бид тэдний зовлонг өөрийн зовлон мэт авч үздэг.

Өөрийн энэрэн нигүүлсэх сэтгэлийг бусдад тэгш хүргэхийн учир шалтгаан нь үнэндээ илэрхий байдаг ч үүнийг олон хүмүүсийн ердөө анзаардаггүй: хүн бүхэн жаргал хүсдэгээрээ мөн гуниг зовлон болон түүний шалтгааныг хүсдэггүйгээрээ адилхан байдаг. Эдгээр хоёр бодит үнэн бол тухайн хүн бидний ойр дотны эсвэл биднээс хол хүн байх, мөн тэдний юу хийдгээс хамаарахгүй бүгдэд нь адилхан байна. Бүр бидэнд ихээхэн гэм хор хүргэсэн хэн нэгэн байсан ч тэд үл мэдсэн, төөрөгдсөн, эндүүрсний үндсэн дээр түүнийг өөрт эсвэл нийгэмд сайн сайхан зүйл авчирна гэж буруу бодож хийсэн байдаг. Энэ бол тэд угийн муу учраас болсон хэрэг биш; угийн “муу” нэг ч хүн байдаггүй. Иймд тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх нь учир шалтгааны үндэслэлтэй, зүйн хэрэг. Учир нь бид зовохыг хүсдэггүйн адил тэд ч бас зовохыг хүсдэггүй.

Энэрэн нигүүлсэх сэтгэлийн бясалгал

Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх дадлага нь түүний хүчийг үе шаттайгаар нэмэгдүүлж өгдөг. Эхэлж бид өөрийн хайрлаж хүндэлдэг хүмүүсийн зовлонг, дараа нь бидний хайрлаж хүндэлдэг ч бус, бидний таашаадаггүй ч бус тэдгээр хүмүүсийн зовлонг, түүний дараа бидний таашаадаггүй хүмүүсийн зовлонг санана. Эцэст нь бид хаа сайгүй байх, хүн амьтан бүрийн зовлонг тэгш авч үзнэ.

Үе шат тус бүр дээр дараах гурван сэтгэлийг төрүүлнэ. Үүнд:

  • Тэд зовлон хийгээд зовлонгийн шалтгаангүй байвал хэчнээн сайхан бэ.
  • Тэд зовлон үгүй байх болтугай; тэд зовлон үгүй байгаасай гэж би хүсэж байна.
  • Тэд зовлон үгүй байхад би тусалж чадах болтугай.

Ийнхүү энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдад зовлон бэрхшээлгүй байхад, зовлон бэрхшээлээсээ гарахад нь туслах сэтгэлийг багтаана. Энэ бол итгэл найдваргүй нөхцөл байдал гэж байдаггүй гэсэн утгатай, бодит зөв арга замыг дагаснаар бэрхшээлүүдийг шийдвэрлэж болно гэсэн итгэл юм. Бурханы шашинд энэрэн нигүүлсэх сэтгэл нь ямар ч цагт бусдын тусад ямар нэг үйлдэл хийхэд бэлэн байдаг идэвхтэй сэтгэлийн төлөв байдал байна.



Видео: Маттхиеу Рикард — “Сэтгэлд шингэсэн үгс”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  
Top