Хоёрдугаар түвшний ялгаатай талуудаа онцлохын сул тал
Хүндэт ах дүү нараа, та бүхэнтэй ярилцах завшаан тохиолдож байгаад туйлын их баяртай байна. Би хүмүүст лекц тавихдаа юуны түрүүнд өөрсдийгөө хүн төрөлхтөн гэдгээр нь авч үзээрэй гэж хэлэх их дуртай байдаг. Жишээлбэл, “Би швейцар хүн”, “Би итали хүн” эсвэл “Би франц хүн” гэж битгий бодож байгаарай гэж хэлж байгаа юм. Миний орчуулагч өөрийгөө франц хүн, би өөрөөгийгөө төвд хүн гэж бодохгүй байх хэрэгтэй. Цаашилбал би өөрийгөө Бурханы шашинтан гэж бодохгүй байх хэрэгтэй. Учир нь би өөрийн яриандаа аз жаргалтай, тайван амьдрал нь хүн байх гэдэг дээр суурилдаг гэж үргэлж хэлдэг билээ.
Долоон тэрбум хүн тус бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг, мөн хүн тус бүр энэ зорилгодоо хүрэх эрхтэй. Хэрэв бид “Би төвд хүн” гэх мэт хоёрдугаар түвшний ялгаагаа онцлох юм бол энэ нь намайг Төвдийн тухай илүү их анхаардаг мэт санагдуулна. “Би Бурханы шашинтан” гэх нь бусад Бурханы шашинтан хүмүүст ойр дотно санагдаж, харин өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн хувьд өөрийн эрхгүй бага зэрэг зааг бий болгож орхино.
Ийм төрлийн үзэл үнэндээ хүн төрөлхтөнд өмнө нь тулгарч байсан, хорин нэгдүгээр зуунд ч үргэлжилсээр байгаа олон асуудал, ноцтой хүчирхийллүүдийн эх сурвалж юм. Хэрэв бусад хүмүүс миний адил хүн гэж үзэж байвал хүчирхийлэл хэзээ ч гардаггүй. Бие, биеэ хөнөөх ямарч шалтгаан гарахгүй. Харин бид хүн гэдгээрээ ижил гэдгээ мартаж, “миний үндэстэн”, “тэдний үндэстэн”, “миний шашин”, “тэдний шашин” гэсэн хоёрдугаар түвшний ялгаан дээрээ төвлөрөх юм бол ялгаварлах байдлыг бий болгож өөрийн үндэстнийг онцлон, өөрийн шашны хүмүүст илүү их анхаарал хандуулах болно. Тэгээд бусдын эрхийг үл ойшоож, бүр бусдын амьдралыг ч үл хүндэтгэдэг. Өнөөдөр бидэнд тулгараад байгаа олон асуудлууд хоёрдугаар түвшний ялгаан дээрээ хэтэрхий их ач холбогдол өгч, онцолсноос үүссэн юм.
Үүнийг засах цорын ганц арга нь хоорондоо ямар нэг хаалт хийж, зааглахгүйгээр хүн гэдэг түвшиндээ өөрсдийгөө уялдаа холбоотой авч үзэх явдал юм. Жишээ нь би лекц уншиж байхдаа өөрийгөө Төвдийн Бурханы шашинтан гэж үзэх юм бол бүр цаашлаад өөрийгөө Далай лам гэж бодвол энэ нь сонсогч болон бидний хооронд тодорхой хэмжээний заагийг бий болгоно. Хэрэв ингэвэл ухаангүй хэрэг болно биз дээ. Харин би чин сэтгэлээсээ та бүхний сайн сайхны тухай санаа тавьж байгаа л бол та бүхнийг өөрийн адил хүн, ах дүү мэт адил түвшинд та бүхэнтэй ярих ёстой. Үнэн бодит байдал дээр бид бие махбодь, оюун санаа, сэтгэлийн хувьд бүгд адил. Үүнээс ч чухал нь хүн бүр зовлонгүй, аз жаргалтай амьдрахыг хүсдэг, би ч бас адил, ийм учраас бид энэ түвшинд л ярилцана.
(Шашнаас ангид) Иргэний ёс зүй
Иргэний ёс зүй нь биологийн хүчин зүйлтэй илүү их холбоотой байдаг бол шашны итгэл үнэмшил нь зөвхөн хүнд байдаг зүйл. Зөвхөн хүн төрөлхтөний дунд л итгэл үнэмшил бий болж төлөвшсөн байдаг ба энэ нь мэдээж биологийн хүчин зүйл биш юм. Иргэний ёс зүй нь долоон тэрбум хүн амыг нийтэд нь хамарна. Өчигдөр миний дурьдаж байсанчлан долоон тэрбум хүний нэг тэрбум нь шашин шүтдэггүй гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тэгвэл зургаан тэрбум хүн нь шашин шүтдэг гэж үзвэл энд нийгмийн гажуудал, хээл хахуульд өртсөн маш олон хүн байна гэсэн үг. Гүтгэлэг, (шударга бусаар ашиглах) мөлжлөг, авилга, луйвар, худал хуурмаг, дарангуйлал байсаар байна. Энэ бүхэн ёс суртахууны жинхэнэ зарчим алдагдсанаас болсон гэж би үздэг. Бүр шашныг хүртэл буруу зорилгоор ашиглаж байна. Энэ талаар өчигдөр би дурьдсан, заримдаа шашин бидэнд хэрхэн дүр эсгэхийг зааж өгч байгаа юм шиг санагддаг. Бид “асрал хайр”, “энэрэн нигүүлсэх сэтгэл” гэх мэт сайхан зүйл ярьдаг боловч бодит байдал дээр бид тийм байхгүй байна. Шударга бус, ёс журамгүй байдал их байна.
Бид шашин болон эдгээр сайхан зүйлүүдийн талаар уламжлалын (ёс заншлын) хэв маягаар ярьдаг, үнэхээр зүрх сэтгэлд хүрэх аргаар биш. Энэ нь хүмүүсийн ёс суртахуун алдагдсан эсвэл ёс суртахууны зарчмын үнэ цэнэ буурснаас болж байгаа юм. Шашинд шүтлэгтэй эсвэл шүтлэггүй байх нь хамаагүй хүмүүст эдгээр ёс суртахууны зарчмын боловсролыг хэрхэн олгох вэ гэдэг талаар илүү нухацтай бодох хэрэгтэй байна. Тэгээд үүний дээр шашных нь боловсролыг нэмж өгвөл тэр нь жинхэнэ шашин болох юм. Өчигдөр дурьдсанчлан бүх шашнууд эдгээр үнэт зүйлийн тухай ярьдаг.
Өөрийн чиглэл, салбараа хэт чухалчлахгүй байх
Өмнөх зуунд хүмүүс бие биеэ хөнөөж байхдаа хоёр тал хоёулаа Эзэн тэнгэрт залбирч байв. Хэцүү байгаа биз! Бүр өнөөдөр ч та бүхэн заримдаа шашны нэрийн өмнөөс зөрчилдөж байгааг харж байгаа байх, харин эдгээр хоёр тал хоёулаа Эзэн тэнгэрт залбирдаг гэж би боддог. Заримдаа би хошигнож Тэнгэр яахаа мэдэхгүй байгаа юм шиг байна гэж хэлдэг юм! Хоёр тал хоёулаа адис хүсэж, түүнд залбирч байхад тэр яаж шийдвэр гаргаж чадах юм бэ? Энэ үнэхээр хэцүү. Нэг удаа Аргентин улсад эрдэмтэд болон зарим шашны тэргүүнүүд уулзан ярилцаж байх үеэр (энэ нь шашны төлөөллүүдийн уулзалт байгаагүй юм) би Матурана гэдэг физикчтэй уулзаж билээ. Тэр талийгаач Варелагийн багш байсан бөгөөд түүнтэй би Швейцарт өмнө нь уулзаж байсан, дараа нь Аргентинд, харин түүнээс хойш уулзаагүй байна. Тэрээр яриандаа физикч гэдгээрээ өөрийнхөө шинжлэх ухааны салбарт хүлэгдэн уягдахгүй байх нь сайн гэж хэлж байсан юм. Тэр бол миний түүнээс сурч авсан гайхалтай, ухаантай үг байв.
Би Бурханы шашинтан, гэвч би Бурханы шашинд хүлэгдэх сэтгэл төлөвшүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь хүлэгдэх сэтгэл (шунал) бол сөрөг сэтгэл юм. Ямар нэг зүйлд уягдаж татагдсан (шунасан) байх үед бидний хандлага нэг талыг барьсан шинжтэй болдог. Сэтгэл нэгэнт гажуудаж нэг талыг барьсан байдалтай байвал юмсыг бид бодитой харж чаддаггүй.
Энэ нь яагаад тэд шашны нэрээр зөрчил гаргадагийн шалтгаан юм. Ихэнх тохиолдолд зөрчлийн жинхэнэ шалтгаан нь шашны итгэл үнэмшил биш, харин эдийн засаг, улс төрийн сонирхол байдаг гэж би боддог.
Гэвч зарим тохиолдолд, жишээ нь ягшмал үзэл баримтлалтай хүмүүс, өөрийн шашин эсвэл итгэл үнэмшилдээ хэтэрхий их хүлэгдсэн байдгаас болж бусад уламжлалынхаа үнэ цэнийг харж чадахгүй байна.
Матуранагийн хэлсэн үг миний хувьд их том зөвлөгөө болсон. Олон хүмүүстэй уулзсаны үр дүнд би олон өөр уламжлалуудыг гайхан хүндэтгэх болсон юм. Мэдээж би өөрийгөө ягшмал үзэл баримтлалтай, хэт шүтэн бишрэгч хүн гэж бодохгүй байна. Нэг удаа Францын өмнөд хэсэгт байдаг Лоүрдес гэдэг газар очсон тухайгаа би хааяа ярьдаг юм. Би тэнд мөргөл үйлдэхээр очиж Есүс Христийн дүрийн өмнө ус хүртсэн. Тэнд зогсоод, сэтгэлдээ хэдэн зууны туршид энэ газар сая сая хүмүүс баяр баясгалан хайн ирж, зарим өвчин зовлонтой хүмүүс нь өөрийн сүсэг бишрэл, адистидээр эдгэрч байсан гэж сонссоноо санаж байв. Ингэж бодож байхад надад Христийн шашинд маш гүн талархах сэтгэл төрж бараг нүднээс нулимс гарч билээ. Өөр нэг удаа Португалийн Фатимд нэг сонин зүйл тохиолдсон юм. Католик болон Христийн шашинтай хүмүүсийн хамт бид Гэгээн Мариягийн жижигхэн дүрийн өмнө хэсэг хугацааны чимээгүйн бясалгал хийв. Тэгээд бид бүгдээрээ гарч явах үед би эргэж хартал Мариягийн дүр үнэхээр инээмсэглэж байсан шүү. Би дахин, дахин харсан, тиймээ үнэхээр инээмсэглэж байсан. Гэгээн Мария миний энэхүү зөвхөн өөрийнхөө шашныг онцгойлон үзэхгүй байгаа байдлыг анзаарсан юм шиг надад санагдсан. Харин би Мариятай гүн ухааны талаар ярилцаж илүү удаан байх юм бол магадгүй зарим илүү ярвигтай зүйлүүд гарч ирж болох юм. Аль ч талаараа, шунал (хүлэгдэн дурлах) бол сайн зүйл биш, бүр өөрийн итгэл үнэмшилд ч гэсэн. Заримдаа шашин зөрчил, хагарал үүсгэдэг ба энэ нь нилээн ноцтой асуудал юм. Шашин нь уур, үзэн ядах сэтгэлийг анагаадаг энэрэн нигүүлсэх, өршөөн уучлах сэтгэлийг хөгжүүлэх арга байх ёстой. Гэтэл шашин нь өөрөө бусад итгэл үнэмшлийг үзэн ядах байдал илүү их гаргаж байвал анагаах ёстой эм тан нь илүү их өвчин үүсгэхтэй адил болно. Тэгвэл юу хийх вэ? Энэ бүх харамсалтай зүйлүүд нь үнэн хэрэгтээ ёс суртахууны зарчим алдагдсантай холбоотой юм. Иймд иргэний (бүх нийтийн) ёс зүйг төлөвшүүлэх хүчин чармайлт гаргахад бидэнд олон өөр хүчин зүйл, практик үйл ажиллагаа шаардлагатай гэж би үздэг.
Төр нийгмийн шашнаас ангид байдал болон бусдыг хүндэтгэх үзэл
Одоо шашнаас ангид иргэний ёс зүйн талаар яръя. Би Энэтхэгийн өмнөх Шадар сайд Адваниг маш сайн таньдаг байсан. Нэг үйл явдлын үеэр тэрээр надад Канадын нэгэн телевиз түүнээс ярилцлага авахдаа Энэтхэгийн ардчилалын амжилтын үндэс нь юу байдгийг асууж байсан тухай хэлсэн юм. Тэрээр Энэтхэгт мянга мянган жилийн турш өөр өөр үзэл бодол, маргаан оршин байсан ч үргэлж бусдыгаа хүндэлж ирсэн уламжлал байсан гэж хариулсан гэдэг. Мөн бараг гурван мянган жилийн өмнө Чарвака буюу гүн ухааны “үгүйсгэх – оршихгүй байх (тасархайн хязгаар)” үзэл Энэтхэгт үүссэн гэж тэр надад ярьж байсан. Энэтхэгийн философийн бусад үзлийг баримтлагчид тэднийг шүүмжилж, буруушааж байсан хэдий ч Чарвака үзлийг баримтлагчид нь “риши” буюу цэцэн мэргэдэд тооцогддог байжээ. Энэ нь санал зөрөлдөх болон халуун яриа өрнөсөн ч нэгнийгээ хүндлэх хүндлэл байсан гэдгийг харуулж байна. Энэ нь бид бас шашин шүтлэггүй хүмүүсийг хүндэтгэх ёстой гэсэн үг юм.
Миний зарим найзууд, христийн шашинтай, лалын шашинтай хэдэн найзууд, “шашнаас ангид үзэл” гэдэг тэр үгэнд бага зэрэг таагүй ханддаг гэж би өчигдөр ярьж байсан. Учир нь Францын хувьсгал, Большевик хувьсгалын үеэр шашны эсрэг хандлага гарч байсан учраас тэр юм болов уу гэж боддог. Харин би өөр зүйлүүд болох шашин болон шашны байгууллага хоёрын хоорондох ялгааг тодруулъя гэж бодож байна. Өөрийн ухаантай ямарч хүн яаж шашны эсрэг байж болох юм бэ? Шашин гэдэг бол асран хайрлах, энэрэн нигүүлсэх гэсэн утгатай ба хэн ч эдгээр зүйлийг шүүмжилж чадахгүй. Гэвч шашны байгууллагууд бол өөр зүйл. Франц болон Большевик хувьсгалын үеэр аль аль тохиолдолд эрх барьж байсан анги нь олон нийтийг үнэхээр буруу ашиглаж байсан юм. Цаашлаад эрх баригч анги нь шашны байгууллагуудын бүрэн дэмжлэгийг бас авсан ба үнэндээ тухайн эрх барьж байсан ангийг хүчтэй эсэргүүцэхийн тулд шашны байгууллагуудыг ч бас хамруулан эсэргүүцэж байжээ. Үүнээс үүдэлтэй тэнгэр эсвэл шашныг эсэргүүцэх зарим хандлага бий болсон юм.
Ийм учраас хэрэв өнөөдөр ч гэсэн Төвдийн Бурханы шашныхны хүрээнд болон аливаа шашны байгуулагуудын дотор ямар нэг мөлжлөгийн хэлбэр байвал бидний эсрэг зогсох ёстой. Миний өөрийн зүгээс дөрвөн зууны уламжлалтай Далай лам Төвдийн шашны болон төрийн тэргүүний үүргийг шууд хүлээдэг байсныг зогсоосон. Үүнийг би сайн дураараа, баяртайгаар, бахархалтайгаар дуусгасан. Эдгээр зүйлүүд нь үнэндээ шашны, Бурханы номын жинхэнэ үнэ цэнийг бууруулдаг. Иймд бид шашны жинхэнэ бүтээл, сургаал болон шашны байгууллага хоёрыг хооронд нь ялгах ёстой.
Шашнаас ангид үзлийн Энэтхэг ойлголтын дагуу бол түүнд ямарч сөрөг утга байдаггүй, харин бүх шашныг хүндлэх, бас шашин шүтлэггүй хүмүүсийг хүндэтгэх гэсэн утга байдаг юм. Үүнийг би маш ухаантай хэрэг гэж боддог. Харин үүнийг бид хэрхэн төлөвшүүлэх вэ? Залбирч уу? Үгүй. Тэгвэл мэдээж ерөөлөөр үү? Үгүй. Харин үүнийг боловсролоор төлөвшүүлж болно. Тийм ээ. Бид биеийн ариун цэврийн талаарх боловсрол авдаг. Тэгвэл яагаад сэтгэлийн, оюун санааны ариун цэврийн боловсрол, сэтгэлээ хэрхэн эрүүл байлгах тухай энгийн мэдлэг авч болохгүй гэж? Эзэн тэнгэрийн тухай эсвэл дараа төрлийн тухай, Бурхан, нирвааны тухай ярих шаардлагагүй, ердөө л сэтгэлээрээ хэрхэн аз жаргалтай хүн болж төлөвших талаар. Аз жаргалтай хүн л аз жаргалтай нийгмийг бүрдүүлэх аз жаргалтай гэр бүлийг бий болгоно. Иймд бидэнд сэтгэлийн ариун цэврийн талаар хичээл хэрэгтэй байна гэж би бодож байна.
Сэтгэлийн ариун цэвэр
Сэтгэлийн ариун цэвэр гэж юу вэ? Энэ нь бидний тайван байдал, сэтгэлийн амгаланг үгүй хийдэг хүчин зүйлүүдийг онцолж үзэх гэсэн ойлголт юм. Эдгээр хүчин зүйлүүд нь сэтгэлийн өвчин адил байдаг. Учир нь ийм сэтгэлүүд нь таны тайван, эрүүл сэтгэлийг үгүй хийгээд зогсохгүй бодит байдлыг дүгнэж цэгнэх таны оюуны чадварыг ч үгүй хийдэг. Энэ нь маш их хортой. Хэрэв та уур бухимдалд бүрэн автсан байвал бодит байдлыг харж чадахгүй ба таны сэтгэл нэг талыг барих хандлагатай болдог. Мөн шунал (ямар нэг зүйлд хүлэгдсэн сэтгэл) төрөх үед бид бас бодит байдлыг зөв хардаггүй. Энэ бол сэтгэлийн өвчин юм. Сэтгэлийн өөрийн уг мөн чанар нь мэдэх бөгөөд мэдэх чадварыг бууруулж байгаа сэтгэлийн ямарч хүчин зүйл бол сөрөг зүйл юм.
Иймд сэтгэлийн ариун цэвэр гэдэг нь дээрх төрлийн сэтгэлийг багасгах, эрүүл сэтгэл болох сэтгэлийн хурц тодорхой, тайван чадварыг хадгалах явдал юм. Ингэж хадгалахын тулд эхлээд бид үүнийг хийх сонирхолыг төлөвшүүлж бий болгох ёстой. Ямар ч сонирхолгүй хүнийг хүчилж үүнийг хийлгэж болохгүй. Ямар ч хуулиар үүнийг хийлгэж чадахгүй. Энэ нь хувь хүний хүсэл зоригоор бий болох ёстой бөгөөд үүнийг хийхийн үнэ цэнийг ойлгосон үед л ийм хүсэл зориг төрдөг. Бид тэдгээр үнэ цэнийг нь л зааж өгөх болно.
Сэтгэл, сэтгэл хөдлөл дээр хийсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүд
Одоо бүгдээрээ шинжлэх ухаан руу харъя. Өмнө нь орчин үеийн шинжлэх ухаан хэмжиж болох матери дээр анхаардаг байсан. Хорьдугаар зууны сүүлийн хагаст болон орчин үе болох хорин нэгдүгээр зууны эхэнд илүү олон эрдэмтэд сэтгэл болон сэтгэл хөдлөлийг үнэхээр сонирхох болжээ. Учир нь эрүүл мэндийн талаар ярих болоход энэ нь сэтгэл болон сэтгэл хөдлөлтэй маш ойрхон холбогддог. Зарим эрдэмтэд “эрүүл сэтгэл, эрүүл бие” гэж хэлж байгаа. Анагаах ухааны эрдэмтэд ч бас байнгын айдас, уур бухимдал, үзэн ядах сэтгэл нь бидний дархлааны системийг үнэндээ муутгадаг бол илүү энэрэнгүй сэтгэл нь түүнийг хадгалж, бүр биеийг ч эрүүлжүүлдэг гэдгийг хэлж байгаа. Сэтгэл санааны хувьд жаргалтай хүмүүсийн биедээ үзүүлэх эерэг нөлөө нь үнэхээр их гэдгийг бид ойлгомжтой мэддэг.
Сөрөг нөхцөл байдлын эерэг талыг олж харах
Миний өөрийн амьдралын хувьд би арван зургаан настай байхдаа их үүрэг хариуцлага хүлээх болж, нөхцөл байдал ч маш хэцүү болсон юм. Тэгээд хорин дөрөвтэй байхдаа эх орноо алдаж амьдралынхаа ихэнх хугацааг, өнөөдрийг хүртэл дүрвэгчээр өнгөрүүлж байна. Энэ хугацаанд Төвдийн ард түмэн маш их зовж, дотоодод нь олон асуудлууд бий болж байгаа бөгөөд гэсэн ч тэд надад их итгэж найддаг. Гэвч би юу ч хийж чадахгүй байна. Харин миний сэтгэлийн амгалан надад энэ бүхийг илүү бодитойгоор харах боломж олгосон юм. Шантидевагийн хэлсэнчлэн хэрэв асуудал бэрхшээлийг даван гарах боломжтой бол санаа зовох ямар ч шаардлагагүй. Хэрэв арилгах боломжгүй бол түүнд хэтэрхий их санаа зовох нь тус болохгүй. Энэ үнэхээр үнэн бодитой зүйл учраас үүнийг би дадуулдаг юм.
Аливаа зүйлийг илүү бодит байдлаар мөн бүгд харилцан хамааралтай гэж харах нь чухал. Юу ч тохиолдож байсан зарим нэг эерэг үр дүн гарч болдог. Миний хувьд хэдийгээр би дүрвэгч болсон ч надад олон хүмүүстэй танилцаж, олон өөр өөр үзэл санаанд суралцах боломж гарсан юм. Би ядуу гуйлгачин хүмүүстэй, удирдагчидтай, олон салбарын эрдэмтэдтэй, мөн шашингүй үзэлтэй хүмүүстэй уулзаж байсан. Үүнийг би маш тустай хэрэг гэж боддог. Учир нь хэрэв би Төвддөө үлдсэн бол миний мэдлэг одоо байгаагаас тал хувь бага байх байв. Иймд нэг талаараа энэ бүхэн маш их эмгэнэлтэй боловч, нөгөө талаараа энэ маш их боломжийг авчирсан байна. Бид аливааг өөр өөр өнцөгөөс нь харахад бидэнд өөр өөр сэтгэгдэл төрдөг. Муу зүйл тохиолдож болох боловч түүнд сайн зүйлүүд бас байж болно.
Өнгөрсөнд Төвд хүмүүс бага зэрэг бөглүү амьдарч байсан бол одоо тэд илүү өргөн хүрээнд сэтгэж байна. Хэдэн зууны туршид Төвдүүд унтаа хэлбэрээр амьдарч ирсэн бол одоо тэд сэрээд байна. Энэ бол сайн хэрэг! Ойлгож байгаа биз, хэрэв та аливааг өөр өнцөгөөс нь харах юм бол зарим эерэг зүйлүүдийг ч олж харж чадна. Энэ нь сэтгэлийг амгалан байлгахад асар их тустай байдаг. Миний олон найзууд уулзахаараа намайг их өтлөөгүй байна гэж хэлж зарим нь нууцаасаа хэлээч гэдэг. Ихэвчлэн би тэдэнд найм, есөн цаг унтах нь сэтгэл амрахад тусалдаг гэж хэлдэг юм. Үнэндээ энэ бол яахын аргагүй нэг хүчин зүйл боловч юу жинхэнэ их тустай вэ гэвэл сэтгэл болон сэтгэлийн төлөв байдал харьцангуй тайван, амгалан байх явдал нь юм.
Амгалан сэтгэл мэс заслын дараа түргэн эдгэрэх гэх мэт зүйлд ч хүртэл тустай байдаг. Би цөсний хагалгаанд нилээн хүнд үед нь орж байсан. Дараа нь эмч надад ийм төрлийн хагалгаа ихэвчлэн арван тав, хорин минут үргэлжилдэг, харин миний тохиолдол нилээн хүнд бараг гурван цаг үргэлжилсэн гэсэн. Учир нь миний цөс хэмжээнээсээ бараг хоёр дахин томорч маш их үрэвссэн байсан гэж байсан. Гэвч би тав хоноод эдгэрсэн, гэх мэт. Тэгэхээр тайван сэтгэл, өөдрөг хандлага биеийг эрүүл байлгахад үнэхээр тустай, бүр ямар нэг буруу зүйл болсон ч илүү хурдан эдгэрнэ. Сэтгэлийг амгалан эрүүл байлгах нь үнэхээр маш чухал хүчин зүйл юм.
Гадаад болон дотоод гоо сайхан
Би энд нэг зүйлийг хагас тоглоом, шоглоомоор хэлье. Зарим залуу эмэгтэйчүүд гоо сайханд нилээд их мөнгө зарцуулж байна. Зарим эмэгтэйчүүд нүүрэндээ хөх ногоон гэх мэт өөр өөр өнгийг хэрэглэдэг. Энэ нь тийм ч сайхан харагддаггүй, харин тэд маш сайхан гэж боддог! Хүмүүс гадаад гоо сайхандаа илүү их анхаарал тавьдаг юм шиг санагддаг юм. Саяханы нэг лекцэн дээр нэгэн хөх үстэй эмэгтэй ирсэн байв. Тэр их содон харагдаж байсан юм. Би түүнийг шоолж түүнд хөх үс заавал сайхан байх албагүй гэж хэлж билээ. Мэдээж гадаад гоо сайхан чухал, гэвч хамгийн чухал нь дотоод гоо сайхан. Гадаад гоо сайхандаа их мөнгө зарцуулж байгаа эмэгтэйчүүд дотоод гоо сайхандаа бас анхаарал тавиарай. Тэр нь илүү сайхан гоо үзэсгэлэн байдаг юм шүү!
Сэтгэл, сэтгэл хөдлөлийг сургалтын хөтөлбөрт тусгах нь
Шинжлэх ухааны судалгаа шнижилгээний талаар яръя. Сэтгэлийн жинхэнэ амгалан байдал бол маш чухал. Бусдыг хүндэтгэх, бусдын сайн сайханд санаа тавих сэтгэлийн угаас гарч байгаа асрах, энэрэх сэтгэлээс бий болдог өөртөө итгэх итгэл, дотоод хүч нь сэтгэл амгалан байх үндэс юм. Энэ бол иргэний ёс зүй.
Цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэл сэтгэлийн талаар, хэрхэн сэтгэл хөдлөлийг хянах талаар боловсрол олгож болно. Энэ сэдэв маш өргөн хүрээтэй. Сэтгэл болон сэтгэл хөдлөл, тэдний хоорондын холбооны талаар маш олон тайлбар байдаг. Хэрэв сэтгэлийн нэг хэсэгт ямар нэг зүйл тохиолдвол өөр нэг газар нь өөр нэг зүйл болж байдаг нэг төрлийн шалтгаан болон үр дагаварын тогтолцоог бид харж болно. Тэгэхээр үүнийг ойлгохын тулд бид сэтгэл болон уураг тархи хэрхэн холбогддогийг анхааралтай авч үзэх хэрэгтэй.
Энэ өргөн хүрээтэй сэдвийг сайн судалж үзүүштэй. Сүүлийн хэдэн жилд Америкт дээрх мэдээллийн хүрээнд туршилтуудыг явуулж хэд хэдэн нилээн баттай үр дүнгүүд гараад байгаа юм. Үүний үр дүнд иргэний ёс зүйн боловсролын сургалтууд ч явагдах болсон. Одоо бид иргэний боловсролд тохирох шашны бус үзэл дээр суурилсан ёс зүйн сургалтын хөтөлбөрийг эхний байдлаар гаргахаар зорьж байна.
Энд байгаа ялангуяа боловсролынхон, философичид энэ талаар сайтар бодож хэрэв ямар нэг боломж гарвал энэ сэдвээр ярилцлага өрнүүлээрэй. Өнөөгийн боловсролын тогтолцоонд ёс суртахууны талаарх хичээл дутагдалтай байдаг болохоор ихэнх хүмүүс шашинд ханддаг бололтой. Мэдээж энэ бол сайн хэрэг. Гэвч шашин сонирхдоггүй, шашны ойлголтуудыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг хүмүүс бас байгаа. Энэ нь байдалыг хэцүү болгож байна. Иймд бид бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөх иргэний (шашнаас ангид) арга олох хэрэгтэй байна.
За дууслаа. Одоо асуултууд.
Асуултууд
Дээрхийн Гэгээн, та хамгийн сүүлийн үгэндээ миний асуух гэж байсан зүйлийг хөндлөө. Гэвч илүү бүрэн дүүрэн хариулт авах үүднээс хэрэв таныг татгалзахгүй бол дахин асууя. Ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудад иргэний ёс зүйн хичээл заахтай холбоотойгоор та ямар нэг байгууллага хувь хүнтэй тохиромжтой сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа юу? Хэрэв тийм бол таныг дэмжиж ажиллаж байгаа боловсролын болон санхүүгийн байгууллага байгаа юу?
Энэтхэгт, Дели хотод хэд хэдэн их сургуулийн туслалцаатайгаар миний өмнө дурьдсанчлан эхний байдлаар хөтөлбөр гаргахаар ажиллаад эхэлсэн байгаа. Мөн манай Сэтгэл болон Амьдрал Институт байна. Америкт манай гишүүд бие даан өөр өөрийнхөө салбарт жишээ нь Висконсины Их сургууль, Еморын Их сургууль, Станфордын Их сургууль гэх мэт сургуулиуд дээр иргэний ёс зүйн боловсролын сургалт явуулж байна. Бид энэ институтээ Европ руу өргөжүүлээд байгаа. Удахгүй бид Делид эсвэл түүний ойролцоо нэг институт байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор бид зөвхөн үүн дээр ажиллаж байна. Хөтөлбөр нэгэнт бэлэн болвол тэр үед нь бид багш нарыг сургах гэх мэт зүйл болох байх. Магадгүй энэ ажил их үр дүндтэй болж болох юм, харж л байя.
Дээрхийн Гэгээн, би энэ гариг болон түүнийг бүрдүүлдэг бүх зүйлд, газар дэлхий, ургамал, амьтан, гайхалтай хүн төрөлхтөн бүгдэд хайртай. Гэвч хүн төрөлхтөн цаг үргэлж хуванцар сав худалдаж авах гэх мэт хамгийн жижиг, энгийн зүйл хийж, илүү том, чухал зүйл болох ойг устгах гэх мэт байдлаар гариг дэлхийгээ сүйтэж байна. Би энэ бүхэнд тэвчээртэй байх ёстой гэдгээ мэдэж байгаа боловч энэ бүхнийг харах үед амьдрал мөхөж, зовж байгааг харахад дотроос маш их уур бухимдал төрж, тэмцмээр санагдаад байх юм. Миний асуулт бол, эрүүл уур гэж байж болох уу? Хайрлаж тэмцэж болох уу?
Уур бол миний өмнө хэлсэнчлэн сэдэлтэй холбоотой. Ямар нэг зүйл эсвэл бусдад санаа тавьж уур төрж байгаа бол нэг зүйл, харин үзэн ядах сэдэлтэй уур бол огт өөр зүйл.
Дээрхийн Гэгээн, та зургаан тэрбум орчим хүн шашин шүтдэг магадгүй нэг тэрбум хүн шашингүй хүмүүс байгаа гэж ярьж байсан. Надад өөрийн уламжлалт шашныхаа байгууллагын хүрээнд үнэхээр өөрийн гэрт байгаа мэт санагдахаа больсон, гэвч шашингүй үзэлтэй биш, өөрийн шашнаас цааш гарч оюун санааны эрэл хийж байгаа гурав дахь бүлэг байгаа юм шиг санагддаг. Тэдгээр хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
Олон жилийн өмнө Стокхольмд би нэг цөөн тооны хэдэн хүмүүстэй уулзсан юм. Тэд өөрсдийн уламжлалт шашиндаа дуртай байгаагүй гэвч ямар нэг өөр үзэл санаа эрж хайж байсан. Тиймээ, тийм хүмүүс байдаг. Гэвч миний сонссоноор та нарын “шинэ үе” гэж нэрлээд байгаа тэр зүйл эсвэл энд тэндээс жоохон жоохон юм цуглуулж нэг том холимог үүсгэх, энэ бол тийм тустай хэрэг биш!
Зөвхөн өөрийн материаллаг хэрэгцээг хангах нь тийм сайн биш, харин илүү гүнзгий үнэ цэнийг хайж олох нь маш сайн хэрэг. Өөрийн амьдралыг дүгнэж цэгнээд бидний амьдралын баяр баясгалан бие махбодийн тодорхой нэг таашаалуудаас шалтгаалахгүй байгааг харах хэрэгтэй. Жишээ нь хөгжим эгшиглэж байгаа үед сэтгэл таашаал авч, зогсоход нь сэтгэлийн таашаал байхгүй болдогтой адил. Харин сэтгэлийн түвшинд энэрэн нигүүлсэх сэтгэл эсвэл ямар нэг итгэл үнэмшилтэй байвал үүнээс авах сэтгэл ханамж нь илүү удаан үргэлжилдэг.
Хүний амьдрал дахь хамгийн чухал зүйлийг та юу гэж боддог вэ, таны хувьд?
Би үргэлж хүмүүст бидний амьдралын туйлын зорилго бол аз жаргалтай амьдрах гэж хэлдэг. Аз жаргал, баяр жаргалтай байх нь мэдрэхүй, бие махбодиор эдлэх хүчин зүйлээс шалтгаалахгүй, харин бидний сэтгэлийн төлөв байдлаас хамаарч байх хэрэгтэй. Миний байнга хэлдэгчлэн бид өөрсдийн дотоод үнэ цэнэ дээр илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байна. Маш их баярлалаа.